Нууцлалын бодлого

Contract Mongolia (contract.mn) таны ямар мэдээллийг, юунд, хэрхэн ашиглаж хамгаалдгийг энд тайлбарлав.

Сүүлд шинэчилсэн: 2026-11-13
Зар сурталчилгаагүй

Мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, худалдахгүй. Сайтад мөрдөгч (tracker) байхгүй.

Монголд хадгалагдана

Мэдээлэл Монгол Улсад байрлах серверт, шифрлэгдсэн холболтоор хадгалагдана.

Таны мэдээлэл таных

Хүссэн үедээ харж, засаж, устгуулна — 30 хоногт биелүүлнэ.

1Хэн хариуцдаг вэ

contract.mn-ийг Гэрэгэ Системс ХХК (Gerege Systems LLC, Улаанбаатар, Монгол Улс) ажиллуулдаг бөгөөд таны мэдээллийг хариуцна. Холбоо барих: privacy@gerege.mn.

2Ямар мэдээлэл авдаг вэ

  • Таны тодорхойлолт: e-ID Mongolia-аар нэвтрэх, гарын үсэг зурахад — овог нэр, регистрийн дугаар, тоон гарын үсгийн гэрчилгээ.
  • Нэвтрэх холболт: Facebook, Google-ээр нэвтрэхэд — тухайн үйлчилгээний таны дугаар (ID) ба нэр. Facebook-ээс зөвхөн public_profile авна; найз, пост, зураг авахгүй.
  • Холбоо барих мэдээлэл: таны оруулсан имэйл, утас — мэдэгдэл илгээхэд.
  • Гэрээ, баримт: таны байршуулсан баримт, гэрээ, тэдгээрийн талууд, бөглөсөн утга, сэтгэгдэл, гарын үсэг зурсан түүх; гарын үсэг, тамганы зураг.
  • Байгууллага: байгууллагын нэр, регистр, гишүүд, тэдний эрх, нэрийн өмнөөс гарын үсэг зурагчид.
  • Төлбөр: нэхэмжлэл, төлбөрийн төлөв, дүн. Картын мэдээлэл QPay, банкинд үлдэнэ — бидэнд ирэхгүй.
  • Бүртгэл: нэвтрэлтийн бүртгэл (IP хаяг, хөтөч, цаг), аюулгүй байдлын аудитын бүртгэл.

3Юунд ашигладаг вэ

Зөвхөн дараах зорилгоор:

  • таныг таньж нэвтрүүлэх;
  • гэрээ үүсгэх, илгээх, гарын үсэг зуруулах, баталгаажуулах;
  • гэрээ таныг хүлээж байгааг мэдэгдэх;
  • төлбөр тооцоо хийх;
  • үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, хууль бус хэрэглээг илрүүлэх.

4Хэнтэй хуваалцдаг вэ

Бид таны мэдээллийг худалдахгүй. Зөвхөн үйлчилгээ ажиллахад зайлшгүй үед:

  • Гэрээний бусад тал: таны нэр, гарын үсэг, гэрээнд бөглөсөн мэдээллийг гэрээний талууд, хуулбар авагчид харна.
  • e-ID Mongolia: гарын үсэг зурах, баталгаажуулахад — гарын үсэг зурах хүсэлт, баримтын хэш.
  • QPay: төлбөр төлөхөд — нэхэмжлэлийн дүн, утга.
  • Telegram, Facebook Messenger: та өөрөө холбосон үед л мэдэгдэл илгээхэд.
  • Хууль хэрэглэх байгууллага: хуульд заасан үндэслэл, журмаар шаардсан үед.

5Гэрээ шалгах хуудас

Гэрээ бүрт шалгах код байдаг. Код эсвэл гэрээний PDF файл бүхий хүн contract.mn/verify хуудаснаас гэрээний нэр, талуудын нэр, хэн хэзээ гарын үсэг зурсныг харж чадна. Энэ нь гэрээг жинхэнэ гэдгийг нотлоход зориулагдсан; регистрийн дугаар, гэрээний агуулга тэнд харагдахгүй. Тиймээс шалгах кодоо зөвхөн итгэлтэй хүнд өгнө үү.

6Хадгалалт ба хамгаалалт

  • Мэдээлэл Монгол Улсад байрлах, Гэрэгэ Системс ХХК-ийн удирддаг серверт хадгалагдана.
  • Таны төхөөрөмж ба сервер хоорондын холболт бүгд шифрлэгдсэн (HTTPS).
  • Хэрэглэгч, байгууллага бүрийн мэдээлэл өгөгдлийн сангийн түвшинд тусгаарлагдсан — та зөвхөн өөрийн, өөрийн тал болсон, мөн өөрийн байгууллагын гэрээг харна.
  • Баримтын хувилбар бүрийн хэшийг (SHA-256) шалгаж, өөрчлөгдсөн файлыг гаргахгүй.
  • Өдөр бүрийн нөөц хуулбар шифрлэгдэж хадгалагдаад, 6 сарын дотор солигдоно.

7Хэр удаан хадгалдаг вэ

Бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална. Гарын үсэг зурсан гэрээ бусад талын ч баримт тул, мөн хуулиар хадгалах ёстой аудитын бүртгэл хуульд заасан хугацаанд хадгалагдана. Устгуулах хүсэлтийг 30 хоногт биелүүлнэ — заавар.

8Күүки

Зөвхөн нэвтрэлтийг хадгалах, хэлний сонголтыг санах шаардлагатай күүки ашиглана. Зар сурталчилгаа, хэрэглэгч мөрдөх күүки, гуравдагч талын аналитик ашиглахгүй.

9Таны эрх

Та мэдээллээ харах, засах, устгуулах, ашиглахыг эсэргүүцэх эрхтэй. Хүсэлтээ privacy@gerege.mn хаягаар илгээнэ үү; устгуулах заавар: /data-deletion.

10Өөрчлөлт

Бодлогыг өөрчлөхдөө энэ хуудсанд огноог шинэчилнэ.

Эхлэхэд бэлэн үү?

Анхны гэрээгээ өнөөдөр байгуул

e-ID-ээр нэвтрээд гэрээгээ нэг минутад илгээнэ.

Үнэгүй эхлэх